Учрал

Ням-Осор Учрал

Монгол ардын нам

Н.Учрал: Нийслэлийг нүүлгэх асуудлыг шийдэхгүй бол арай хэтэрлээ

Утаа гамшгийн түвшинд хүрч, онцгой байдал зарлахыг шаардаж эцэг, эхчүүд тайван жагсаал хийн, төр засгийн анхаарлыг энэ асуудал руу хандуулж байна. Төрийн ордонд өчигдөр “Агаарын бохирдлын тулгамдсан асуудлууд, авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлэв. Өнгөрсөн жилүүдэд утаа бууруулах ажилд 180 орчим тэрбум төгрөг зарцуулсан байна. Гэсэн ч өнөөдөр Улаанбаатар хотын агаарын бохирдол дэлхийн хотуудын агаарын бохирдлоос 5-6 дахин их байгаа аж. Тиймээс дорвитой арга хэмжээ авах нэн шаардлага тулгараад байгаа юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Учралтай цөөн хором ярилцлаа.

-УИХ дахь Инновацийг дэмжих лобби бүлгийн даргаар та ажиллаж байгаа. Лобби бүлэг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрхэн ажиллах вэ?

-Өнөөдөр агаарын бохирдлыг бууруулахаар 180 орчим тэрбум төгрөг зарцуулчихаад ямар ч үр дүнд хүрээгүй байна. Энэ нөхцөл байдал цаашдаа дээрдэхгүй шинжтэй байна. 180 орчим тэрбум төгрөгийг юунд зарцуулсан юм бэ. Утаагүй зуух, гэрийн дулаалга, сайжруулсан зуух, утаагүй түлш, эрчим хүчний хэмнэлттэй сууц олгох зэрэг янз бүрийн арга хэрэглэж үзсэн. Тодорхой үр дүнд хүрэхгүй байна. Тийм учраас утааг бууруулах асуудал дээр бэлэн байгаа төслийг сонгон шалгаруулах хэрэгтэй. Би МУИС-ийн Физикийн танхимынхантай уулзсан. Тэр хүмүүс утааг бууруулах технологи боловсруулсан байна. Мөн ШУТИС-ийн эрдэмтэн судлаачид маш олон судалгаа хийсэн байдаг юм байна. Эдгээр хүмүүстэй уулзаж байхад “бидний бэлэн төслүүдийг төр засаг хэзээ ч авдаггүй байсан. Нэг зүйл санаачилдаг ч үр дүнд хүрдэггүй. Энэ төслийг туршиж үзэж болно” гэсэн. Зарим төслүүдийг нь гэр хороололд туршаад үзчихсэн байсан. Инновацийг дэмжих лобби бүлэг маргааш /өнөөдөр/ энэ талаар хурал хийнэ. Хурлаар Инновацийн бүлэг бэлэн байгаа төслийг сонгон шалгаруул, шийдлийг танилцуул гэдэг үүргийг Боловсролын яамны Үйлдвэрлэл, Инновацийн газар, нийслэлийн Үйлдвэрлэл, Технологийн Инновацийн газарт өгнө. Хотод би юу өгөх вэ, хот надад юу өгөх вэ гэдэг зарчим их хотод үйлчилдэг. Ард түмэн хотдоо би юу хийж өгч чадах вэ, хот надад юу өгөх вэ гэж харилцан хамтарч ажиллаж байж энэ үйл ажиллагаа явдаг. Тийм учраас иргэд ч гэсэн хамтарч ажиллах ёстой. Энэ шийдлүүдийг ард түмэнд нээлттэй танилцуулах ёстой гэж бодож байна.

-Энэ жил улсын төсөвт таван тэрбум төгрөг, нийслэлийн төсөвт 3.1 тэрбум төгрөг тусгасан ч хийх ажил тодорхойгүй гэсэн шүүмжлэл дагуулж байна. Дээр ярьсан төслүүдийг шалгаруулаад энэ жил ашиглах боломж хэр байгаа вэ?

-Төслүүдийг шалгаруулаад, туршиж үзээд хэрэгжүүлэх боломжтой технологийг дараа жилээс нэвтрүүлээд явах боломжтой. Энэ жилийн хувьд хугацаа алдчихлаа. Утаа бууруулах нэрээр бизнес хийдэг байдал үүсчихсэн. Утаа бууруулна гээд зуух оруулж ирээд, цаана нь нэг хүний бизнес дэмжигдээд, утаа буурсан үр дүн харагдахгүй. Ард нь ашиг сонирхол байгаад байдаг. Тиймээс үүнийг хойш нь тавиад бэлэн байгаа төслийг шалгаруулаад боломжтой бол хөрөнгө оруулалт хийе гэсэн саналтай байгаа.

-Утааг бууруулахын тулд дорвитой арга хэмжээ авах ёстой. Үүний нэг нь нийслэлийг нүүлгэн шилжүүлэх ёстой гэж та хэлэлцүүлгийн үеэр хэлсэн. Энэ хэр боломжтой ажил вэ?

-Нийслэлийг нүүлгэх асуудлыг шийдэхгүй бол арай хэтэрлээ. 1.3 сая хүн амьдран суудаг энэ хот даацаа дийлэхээ болилоо. Нийслэлийг нүүлгэх асуудал руу зорих хэрэгтэй байна. Нийслэлийг нүүлгэе гэдэг лобби бүлгийг байгуулаад, Их хурал дээр асуудал тавина гэж бодож байгаа. Одоо нүүх шаардлагатай байна. Өөр арга алга. Ийм олон жишээ байна. Казакстан, Солонгос, Малайз зэрэг нийслэлээ нүүлгэж асуудлаа шийдсэн байдаг. Мөн өнөөдөр нийслэлд хуучин  машин олон байна. Цаашид он дээр нь босго тавих шаардлага гараад ирлээ.

-Хууль эрхзүйн орчныг нь яаж зохицуулах юм бэ?

-Сум орон нутагт сайхан амьдрах боломжийг нээж өгөх ёстой. Бүсийн нэмэгдлийн хуулийг санаачлах ёстой. Хөдөө орон нутагт км-ээс шалтгаалаад хол газар амьдран сууж байвал цалин өндөр, татвар нь бага байдаг. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хямдхан байдаг зарчмыг шийдэх юм бол хүмүүс сум орон нутагтаа амьдрах боломжтой болно. Мөн Улаанбаатар хотод захын дүүргийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн нь хямд байх ёстой. Улаанбаатар хотод ч гэсэн бүсийн нэмэгдлийн асуудлыг шийдэж өгч байж энэ байдал бодлогын хэмжээнд шийдэгдэнэ гэдэг байр суурьтай байгаа.

-Бүсийн нэмэгдлийн хуулийг хэзээ өргөн барих вэ?

-Он гараад ч юм уу, энэ хуулийг өргөн барина. Дээрээс нь нийслэлийн хэмжээнд санаачлахаар ажиллаж байгаа. Цаашид Засгийн газарт шаардлага хүргүүлнэ. Нийслэл хотыг нүүлгэх асуудлыг даруй судлах, Ажлын хэсгийг байгуулаад ажиллацгаая. Тэгж байж энэ асуудал томоохон түвшинд шийдэгдэнэ гэж бодож байгаа.

-Сонгинохайрхан дүүрэг бол гэр, утаа ихтэй бүс. Та тус дүүргээс сонгогдсон гишүүний хувьд тойрогтоо хэрхэн ажиллаж байна вэ?

-Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг өнөөдөр ачааллаа даахгүй байна. Тиймээс ханиад, томууны энэ улиралд өвлийн амралтаа сунгаж өгөөч гэдэг хүсэлтийг Боловсрол Соёл шинжлэх ухааны сайдад явууллаа. Энэ өвлийн амралтын хугацааг сунгахгүй бол хүүхдүүдийн ханиад томууны өвчлөл дийлдэхээ больчихлоо. Мөн өрхийн эмнэлгүүдээрээ хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат тараалаа. Хүүхдийн эмнэлэгтэй хамтарч ажиллаж байна. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас 50 ор шийдэж өгсөн. Бусад гишүүд ч гэсэн анхаарал хандуулж ажиллаж байна.

-Утааны эсрэг ээж, аавууд жагсаал хийж байна. Та ямар байр суурьтай байна вэ?

-Зөвшөөрлөө авчихсан жагсаал юм байна лээ. Мэдээж эмзэг байгаа. Эцэг, эхчүүд бухимдалтай байгаа. Үүнийгээ илэрхийлж жагсах нь зөв. Гэхдээ улс төрийн нөлөөллөөс ангид байх ёстой. Энгийн эцэг, эхчүүд дэмжээд жагсаад явж байгаа байх гэж найдаж байна. Үүний ард янз бүрийн улс төрийн нөлөөлөл байх вий гэдэг эмзэглэл байна. Энэ хүмүүс надад хандсан, хамтарч ажиллах боломжтойгоо илэрхийлсэн. Би шинжлэх ухаанчаар ажиллана. Жагсаалын үр дүн Засгийн газрын түвшинд хүрсэн байна. Анхаарал хандуулж эхэлж байна.